Oct 2, 2011

ХЭРХЭН САЙН CV БИЧИХ ВЭ?

 


Сайн боловсруулсан CV дараах есөн шинж чанарыг өөртөө агуулсан байх ёстой.


Сайн  CV-ны  10  шинж



Тодорхой
Баримттай
Бодитой
Ойлгомжтой
1-2 хуудсанд багтаасан
Тухайн ажилтай
Мэдрэмжтэй уялдаатай
Няхуур хандсан

Бүтээлч хандсан

1.Тодорхой
Илэрхийлэх гэж буй санаагаа товч тодорхой гаргах хэрэгтэй. Цөөн үг ашиглах тусмаа сайн.

2.Баримттай
Ажлын ярилцлага авах гэж байгаа ажилтан эргэцүүллээр дүүрэн, эссэ хэлбэрийн CV уншихаас дургүй нь хүрдэг. Тиймээс бодит баримттай зүйл бичих хэрэгтэй. Өмнөх ажилдаа зарим нэг үргүй зардал хэмнэж байсан бол түүнийгээ "Байгууллагынхаа зардлыг 35% -иар хэмнэсэн " гэж бичих хэрэгтэй. Энэ бол таныг илтгэх хамгийн том баримт болж чадах юм. Хэрвээ борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол ярилцлага авагч хүнд "Чукча нарт мөс зарсан. Цөл газар элс наймаалсан" гэж өөрийгөө танилцуулах хэрэгтэй. "Борлуулалтын хэмжээг жилийн дотор 65%-иар өсгөсөн", "Компаний удирдлагаас олгодог шилдэг ажилтны шагналыг 5 удаа хүртсэн" гэх мэт үг өгүүлбэрүүд нь жинхэнэ бодит баримт болж CV-г чинь улам чимэх болно.

Энд дурдаж буй гол санаа нь чадварлаг ажилтан хайж буй байгууллага бодит баримт болж чадах зүйлийг л чухалчилдаг гэдгийг сануулах гэсэн хэрэг. Хийж бүтээснээ баримттайгаар CV, Cover Letter-дээ оруулснаар, сонгон шалгаруулагч таныг анхааралдаа авч, ажилд орох ярилцлагад дуудах болно.

3. Бодитой
Сайн CV-д бодитой, амьд үг орсон байх нь чухал. Бодитой, амьд үг гэж, "ТӨЛӨВЛӨСӨН, ХӨГЖҮҮЛСЭН, ЭХЛҮҮЛСЭН, ОРОЛЦСОН, ӨСГӨСӨН, ЗОХИЦУУЛСАН, БИЕЛҮҮЛСЭН, ЗАЛРУУЛСАН, ТЭРГҮҮЛСЭН, АЛДАГДЛЫГ БУУРУУЛСАН, ОНОВЧТОЙ САНАЛ ДЭВШҮҮЛСЭН " гэх мэт үгийг хэлээд байгаа юм.

4. Ойлгомжтой
Олон хүн CV-дээ маш олон үг оруулахыг хүсдэг боловч яг хаанаас нь эхлэхээ сайн мэддэггүй. Та өөрийнхийгөө харахад ойлгомжтой болгомоор байвал ёстой зөв. CV-г тань уншиж байгаа хүн дотроос нь хэрэгтэй мэдээллээ олж авах гэдэг бол хамгийн чухал нь. Ихэнх хүмүүс CV уншихад дунджаар 15 секунд зарцуулдаг. Энэ л 15 секундэд ямар нэг онцгой зүйл олж харахгүй бол, CV-г чинь ханын буландаа байдаг хогийн сав руугаа базаж байгаад чулуудчихна. Тэд чулуудах ур чадвар, туршлагыг хангалттай хуримтлуулсан болохоор хогийн сав руу орохгүй гэж битгий бодоорой. Тиймээс тэдэнд зориулж ойлгомжтой CV бэлдсэнээрээ ярилцлагад уригдах боломж бүрдэх юм.

CV-г хоёр янзаар бичиж болно. Уншихад ойлгомжтой CV-г хоёр янзаар бичиж болно. Эхнийх нь он цагийн дарааллаар бичих арга юм. Он цагийн дарааллаар бичсэн CV-нд та хамгийн сүүлд ажиллаж байсан ажлаа хугацаатай нь эхэлж бичээд, харин хамгийн сүүлд нь анх орсон ажлаа бичиж дуусгах хэрэгтэй. Он цагийн дарааллаар бичсэн CV нь ажлын түүх, гаргаж байсан амжилт болон огноог оруулсан байх ёстой. Цаасны талбайг хоёр багана болгон хуваагаад, зүүн талын баганад нь өөрийн намтар гэсэн гарчгийг байрлуулж бичнэ. Мөн мэргэшил, эзэмшсэн боловсрол зэргийг энэ баганад оруулаарай. Харин баруун баганад дээрх гарчгуудыг дэлгэрэнгүй нарийвчилж бичээрэй. Хамгийн чухал хэсэг бол горилж буй ажилтай холбоотой туршлага, ажлын амжилт, тодорхойлолт юм. CV бичих өөр нэг арга бол функциональ арга юм. Ийм CV-нд гаргаж байсан амжилтаа хийж байсан ажлын хамт он саргүйгээр бичих хэрэгтэй. Функциональ CV нь цаг хугацааны хувьд ямар нэгэн завсарлага авсан, эсвэл тодорхой хугацаанд ажилгүй байсан хүмүүст их тохирсон хэлбэр юм. Удаан хугацаагаар ажилгүй байсныг CV уншигчид мэдэгдэхгүйн тулд функциональ хэлбэрээр бичих нь илүү тохирно. Хэрвээ ажлын түүхээ амжилттай байсан гэж үзэж байвал, он цагийн дарааллаар бичих нь илүү үр дүнтэй.

5. Хоёр нүүрээс дээшгүй
CV-г хамгийн ихдээ хоёр хуудсанд багтааж бичсэн байх ёстой гэсэн байр сууринд би хатуу зогсдог. Яагаад гэж үү? Яагаад гэвэл би хоёроос илүү хуудас материалыг 15 секундэд гүйлгэж уншиж амжихгүй шүү дээ. CV бол таны зүгээс хийж буй "сурталчилгаа"-ны хамгийн сонирхол төрүүлэхүйц хэлбэр нь мөн. CV-г чинь уншаад л ярилцлага хийх сонирхол аяндаа төрөхөөр бичих ёстой. Ингэхийн тулд CV тань 1-2 хуудас байхад л хангалттай. Үнэндээ 15 жил эсвэл 20 жилийн өмнө юу хийж байсан чинь хэнд ч хамаагүй. Учир нь тэр үед олж авсан мэдлэг туршлагыг та аль хэдийнээ мартчихсан байгаа. Энд нэг жишээ хэлэхэд, TOEFL-ийн шалгалтанд авсан оноог 24 сараас хойш хүчингүйд тооцдог нь гадаад хэл огт давтахгүй удвал, мартагддагийг хамгийн тодоор үзүүлж байгаа хэрэг мөн. Хамгийн гол нь ярилцлага авч байгаа хүнд хамгийн сүүлд юу хийж байсан чинь л чухал. Энэ болгоныг нэгээс хоёр хуудсанд хялбархан багтааж дөнгөнө.

6. Тухайн ажилд хамаатай
Маш олон CV-нд тухайн ажилтай огт уялдаагүй лаг шавар шиг түмэн зүйл дүүрэн байдаг. Энэ нь эцэстээ тухайн хүнийг сул дорой харагдуулж, ярилцлагад орох боломжийг нь хаадаг юм. Танд хэлмээр санагдсан ямар нэгэн тайлбар байгаа бол, ярилцлага дээр түүнийгээ хэлэх хэрэгтэй. Зарим хүмүүс өөрийн сонирхол, хобби, улс төрийн итгэл үнэмшил, намын харъяалал, шашин шүтлэг зэргээ CV-дээ оруулчихсан байдаг. Энэ бол маш ухаалаг бус алхам юм. Эдгээрийг CV-дээ оруулаад биччихвэл, сонгон шалгаруулагч буюу ярилцлага авагч өөртэйгээ ижил дур сонирхолтой хүнийг л олж сонгохыг урьтал болгоно шүү дээ. Ажилд хамаатай мэдээлэл гэдэг бол тухайн ажилд сонгогдох үйл явцыг маш ихээр хялбаршуулдаг хүчин зүйл юм. Тэгвэл ажлын байртай уялдаатай мэдээллийг оруулсан эсэхээ хэрхэн шалгах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Шалгахын тулд тухайн мэдээлэл түс бүр CV-д ямар учраас орсныг нэгд нэгэнгүй өөрөөсөө шалгаж асуух хэрэгтэй. Ер нь өөрийгөө ярилцлага авагчийн оронд тавиад үзэхгүй юу даа. Ингэж байж л та тухайн оруулсан мэдээлэлд шүүмжлэлтэй ханддаг болж чадна. Та CV дээ "Microsoft Word 2007" программ дээр чөлөөтэй ажилладаг гэсэн гэж бодъё. Хэрвээ нарийн бичгийн эсвэл оффис менежерийн албан тушаалд орох гэж байгаа бол, дээр бичсэн чинь ажилд хамаатай мэдээлэл болжээ гэсэн үг. Харин худалдааны чиглэлээр ажиллах гэж байгаа бол дээрх мэдээлэл нь тэр ажилд хамаагүй юм. Ямар ч ярилцлага авагч ажилд хамаатай мэдээлэлд л анхаардаг. Тийм болохоор тухайн ажилд хамаатай мэдээллийг CV-дээ оруулсан эсэхийг өөрөөсөө байнга асууж байгаарай.

Та өөрийгөө ярилцлага авагчийн байр сууринд тавиад үз.
Өөрийгөө ярилцлага авагч гээд төсөөлчих. Танд чухам ямар мэдээлэл хэрэгтэй вэ? Хэрвээ бүтээгдэхүүний менежментийн албан тушаалд хүн хэрэгтэй байгаа бол, магистрын зэрэг туршлага болон бусадтай харилцах харилцаа ажлын байртай уялдаатай мэдээлэл болох юм. Харин инженерийн эсвэл теслийн менежерийн албан тушаалд ярилцлага авч байгаа бол юуг чухалчлах вэ? Тэгвэл төсөлд ажиллаж байсан туршлага, гаргаж байсан амжилт болон ажиллаж байсан хугацаа зэрэг нь ажилд авах гол үзүүлэлт болох юм. Мэдээлэл оруулах бүртээ ажлын байртайгаа уялдаатай мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж байгаарай.

7. Мэдрэмжтэй
CV-дээ хэтэрхий их мэдээлэл оруулах шаардлагагүй. Оруулсан мэдээлэл нь оновчтой болсон CV-г л сайн боловсруулсан CV гэж үздэг. Зарим хүн CV-ндээ хүсч буй цалингийнхаа хэмжээг тавьсан байдаг. Энэ бол маш бүдүүлэг хэрэг бөгөөд сул талыг тань илтгэж байдаг юм.

1. Тавьсан тоо чинь хэт өндөр болчихвол, та ярилцлагад дуудагдалгүйгээр нэр чинь хасагдана.
2. Хэрвээ таны тавьсан тоо хэт бага бол өөртөө итгэх итгэлгүй ур чадваргүй нэгэн болж бас л хасагдана.

Зарим хүн өмнөх ажилдаа авч байсан цалингийнхаа тоог бичсэн байдаг. Тэгвэл шинэ компани нь өмнөх цалингаас 15-20%-иар илүү цалинг л санал болгох боломжтой. Ер нь та яагаад боломжоо хазаарлах ёстой гэж. Тиймээс та CV-ндээ өмнө нь авч байсан цалин болон авахыг хүсч буй цалингийнхаа тоо хэмжээг битгий тавиарай. Болж өгвөл CV-дээ таныг сул талтай гэж бодохоор мэдээлэл битгий оруул.

Сул талтай гэж бодохоор мэдээлэл гэдэгт маш богино хугацаагаар ажилласан ажил болон, хувь хүний чинь хувьд сул байдалтай харагдуулж болох мэдээллийг хэлж байгаа юм. Мөн сайн мэдээллээ бүгдийг нь CV-дээ битгий оруулаарай. Харин нөөцөлж үлдээгээд, ярилцлагадаа ашиглах хэрэгтэй. CV бол таныг ярилцлагад хөтлөх зар сурталчилгаа л юм шүү!

Хүмүүс бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа, ганцхан барааг биш бас зар сурталчилгааг хамтад нь авч байдгаа анзаардаггүй. Түүнтэй адилхан хэрвээ таны зар сурталчилгаа болох CV-гээ маш сайн боловсруулж (бэлдэх юм бол, ярилцлагад орох урилгаар булуулах болно.

8. Няхуур хандсан
CV-гээ нэгэнт бичиж дууссан бол, сайтар хянаж шалгах хэрэгтэй. Цүрмийн болон үг үсгийн алдаа зэргийг анзаарч хараарай. Дараа нь эусдаар хянуул. Заримдаа өөрт анзаарагдаагүй алдааг бусад хүн олж харах нь бий. CV-г чинь хэр олон хүн хянаж шалгана төдий чинээ сайн эсэн үг.

Маш олон хүн CV-гээ алдаатай бичсэнтэй таарч байсан. Зарим нэг инээд хүргэм алдааг би доор сийрүүллээ.
"Миний өмнөх ажлаасаа гарсан гол шалтгаан бол өөр ажил хийхэд нэгэнт бэлэн болсон байсан".
"Би Microsoft Words дээр алдаагүй бичиж чадна".
Ажлын байртай холбоотой мэдээллийг заавал оруулаарай. Та CV-ндээ орсон мэдээллийг хэр уялдаатай болж вэ гэдгийг заавал шалгаарай. Зарим нэг хүмүүсийн CV-дээ оруулсан мэдээллийг уншаад та нүдэндээ итгэхгүй байх аа.
"Жич: Өмнө нь намайг ажлаа 10 удаа сольсныг маань буруугаар бүү ойлгоорой. Уг нь би ажлаасаа гармааргүй л байсан юм".
"Хамтдаа байцгаая. Та нар миний хэр туршлагатайг хараад Өө, за за Аа яа яа! гэж уулга алдаад, амаа ангайх болно".
"Би аавынхаа удирдлагад ажиллаж байсан боловч, одоогоор аав маань гадаадад байгаа ту л би эрхэлсэн ажилгүй байна".
"Надад маш олон амжилтын рекорд бий. Гэхдээ би уралдааны морь биш л дээ".
"Би одоогийнхоо даргад шударга хандахыг хичээдэг. Гэвч та надтай ажлын мэйлээр дамжуулж, хариугаа илгээж болно шүү!"
"Би юунд ч, хэнд ч итгэдэггүй. Тиймээс та нар надад итгэж болно".
"Миний сонирхол бол хүнд цусаа өгөх. Одоогоор 10 литр цус өгчихсөн байгаа".
Гэр бүлийн байдал: Тогтворгүй. Хүүхэдтэй эсэх: Одоогоор тодорхойгүй байна".
"Өмнөх ажлаасаа гарсан шалтгаан: Компаний удирдлага бүх ажилтны 9 цагт цугларахыг тулган шаардсан".
"Өмнөх дарга нарын адил, манай дарга намайг золигт гаргачихсан".

9. Бүтээлч, нүдэнд тусахуйц
Таны CV зар сурталчилгаатай адил маш сайн бэлтгэгдсэн байх хэрэгтэй. CV-r чинь уншсан хүн танд заавал сайн үнэлгээ өгсөн байх ёстой. Мөн CV -гээ бичиж дуусгаад, хоёр хоногийн дараа дахин нэг сөхөж хараарай. Хэвлэж гаргах гэж байгаа CV-ний хувьд маш чанартай цаас сонгох хэрэгтэй. Фонт, өнгө, хэлбэр бутэц, уг сонголт зэрэг нь бусад CV-нээс ялгарахуйц бөгөөд, тухайн ажил мэргэжилдээ тохирсон байх ёстой. Түүнчлэн бүтээлч байдлыг илэрхийлсэн үг хэллэг сонгох хэрэгтэй. Жишээ нь: Сурсан, судалсан гэхээс илүүтэй, эзэмшиж боловсорсон гэсэн үгийг сонгох нь хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ. Эзэмшиж боловсорсон гэдэг бол тухайн зүйлийг нэвт шувт мэддэг болсонтой утга нэг юм. Дур сонирхол татахуйц, бүтээлч CV нь таныг ярилцлагад орох үүд хаалгыг нээж өгнө.

Таныг тодорхойлох хүн
CV-ний тухай сэдвийг дуусгахаас өмнө таныг тодорхойлох хүний тухай хэсгийг би оруулахаар шийдлээ. CV дээрээ өөрийг чинь тодорхойлох хүнийг оруулах шаардлагагуй. Ярилцагч бүр тодорхойлох хүн шаарддаг ч гэсэн зарим тохиолдолд тэдний алинд нь ч тодорхойлох хүн шаардлагагүй байдаг. Тиймээс CV-нийхээ доор нь шаардлагатай бол тодорхойлох хүний нэрийг дурьдаж болно гэсэн өгүүлбэр тавихад хангалттай. Таныг тодорхойлох хүний нэрийг оруулахаар шийдсэн бол, эхлээд тэдгээр хүмүүс рүүгээ утасдаж, таныг тодорхойлох боломжтой эсэхийг нь лавлаж тодруулах хэрэгтэй. Олон хүн өөрсдийг нь тодорхойлох хүндээ урьдчилан мэдэгдээгүйгээс, ажилтай болох боломжоо алддаг.

Дүгнэлт
Одоо та CV-гээ амжилттай бичих гол үндэс суурийг мэдэж авлаа. Одоо та CV бэлдэх ажилдаа орно уу! Танд амжилт хүсье.

Эх сурвалж: www.asubi.mn